Tuesday, May 26, 2015

Мэдээллийн Технологи миний нүдээр



Хүн төрөлхтөний түүхэн хөгжилд тодоос тод бичигдэн үлдэх нэгэн чухал дэвшилт бол мэдээлэл харилцаа холбооны технологи юм. Учир нь бидний одоо хэрэглэж буй мэдээлэл харилцаа холбооны технологи нь өндөр түвшинд хөгжсөн боловсронгуй хэрэглээ бөгөөд өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил эрх эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болохоос гадна хүмүүсийн амьдралын нөхцөл байдалд ихээхэн нөлөөлж аж төрөх, ажиллах байдлыг хөнгөвчлөх, амарчилж чадаж байгаа нь олон зүйл дээр харагдаж байна. Үүний нэг илрэл нь бидний амьдралд өдөр бүр компьютер, интернетээр ажлаа хийх, имэйл, чат, гар утас нь байнгын хэрэглээ болж чадсан юм. Магадгүй гар утасгүй ганц ч өдөр болж чадахгүй нь дамжиггүй бизээ. Тэр ч бүү хэл бид гар утас, компьютер, интернэттэйгээ байхад өлсөж цангах аюулыг умартсаар... Магадгүй бид энэ гурваар мөнгө олж, бас энэ гуравт мөнгө үрсээр л байна. Тэгвэл дэлхий дахинд одоо 2.5 тэрбум шахам хүн гар утас хэрэглэж, 1 тэрбум орчим хүн интернетээр зугаалж, гар утас, интернэтийн компаниудын орлого өдрөөс өдөрт тэрбум тэрбумаар өсөж байна. Ийм байхад бид үүнээс хоцроно гэж үү? Дэлхий нийттэй адилхан л хөл нийлүүлэн алхаж, ижил технологи эрхэлж байгаагийн хувьд бизнесийн орон зайг түрүүлэн харж, цаашдын амьдралдаа нэвтрүүлэх хэрэгтэй байна. Иймд мэдээлэл бол мөнгө, давуу тал, өрсөлдөх чадвар гэж үзэж болох бөгөөд тэрхүү мэдээллийг дамжуулахад мэдээллийн технологи л гагцхүү хэрэгтэй юмаа. Ингээд бодохоор ямархуу чухал зүйл болох нь хэнд ч ойлгомжтой билээ.
Гэхдээ л аливаа юм сайн, муу хоёр талтай. Бидний энэ бишрээд байгаа мэдээллийн технологийн ч гэсэн сайн, муу хоёр талтай. Учир нь хүмүүс цахим сайтыг зөв зохистой ашиглаж чадахгүй байгаа нь тулгамдаж буй асуудлын нэг болж байгаа ч нөгөөтэйгүүр интернэт технологи нь миний орон зайнд тодорхой хэмжээний байр суурь эзэлсээр л байна. Өөрийн хүссэн мэдээллийг интернэтийн тусламжтай олж аван зарим хэрэгцээгээ хангаж байгаа боловч хүн гэдэг үнэ цэнийг минь үгүй болгож, миний бодож сэтгэх, санах тэр хатуужлыг мунхаг болгож бэлэнчлэх сэтгэлгээг суулгаж ч байж магадгүй юм. Эндээс үзэхэд намайг бас чамайг тэр бүү хэл хүн төрөлхтөний ирээдүйг хэн ч биш зүгээр л хүний оронцог болгож байж ч магадгүй юм.

Б.Оюун-Эрдэнэ

Friday, May 15, 2015

Их тэсрэлт ба цоо шинэ одод


Шинжлэх ухааны хөгжлийг цаг хугацаагаар нь авч үзвэл түүнээс салаалан үлэмж холдон хөгжиж байгаагаасаа үл хамааран гайхалтай эргэлт болон буцаж нэгдэх үйл ажиллагаа явагддаг. Шинжлэх ухааны ийм түүх физик болон астрономид ч бий.
Астрономид тэнгэрийн биетийн үзэгдэх хөдөлгөөний дүрслэлээс эхлээд тэдгээрийн физик шинж чанар, судалгааны аргууд илүү анхаарал татаж, физик болон астрономийн үзэгдлийн судалгааны цагираг тасралтгүй ойртсон. Өнөөдөр энэ хоёр шинжлэх ухааны нийлэлт нь огт төсөөлж байгаагүй хэсэгт буюу бүх ертөнцийн үүслийн онол болон эгэл бөөм, атомын үүслийн онол дээр явагдаж байна.
Их тэсрэлтийн онол ёсоор бүх ажиглагдаж байгаа галактик, одод, мананцар, гаригууд нь одоогоос ойролцоогоор 15 сая жилийн өмнө явагдсан асар их хүчтэй дэлбэрэлтийн үр дүн юм.
Эхний эгшинд “Ертөнцийн радиус” нь 10-35м, температур нь 1033К утганд хүрсэн. Тийм их температуртай үед атом, атомын цөм төдийгүй ямар ч эгэл бөөмс оршин байх боломжгүй юм. Оршин байдаг нь батлагдсан хүчтэй, гравитацийн, сул, цахилгаан соронзон гэсэн дөрвөн харилцан үйлчлэлийн аль нь ч байгаагүй.
Их тэсрэлт явагдаж орчлон ертөнц тэлж эхэлсэн. Хугацааны 10-35-10-10с завсарт лептон, антилептон, кварк, антикваркийн нягт хольц үүссэн.
Ойролцоогоор 10-6секундэд протон, нейтрон, мезон, антипротон, антинейтронд кварк болон антикваркуудын нэгдэл эхэлсэн. Бөөм болон эсрэг бөөмийн тоо хэмжээ нь бараг ижил, гэхдээ бүх тийм бөөмс нь ойролцоогоор саяны нэг хувиар эсрэг бөөмөөсөө их. Протон антипротонтой, нейтрон антинейтронтой аннигляци явагдсаны дүнд маш нягт цахилгаан соронзон цацаргалт үүснэ. Цацаргалтын нягт нь бодисын нягтаас ойролцоогоор сая дахин их.
Эхний секундын төгсгөлд температур 1010К хүртэл буурч, нягт бодисын цөмийн нягтаас бага 107кг/м3 хүртэл буурч, орчлонгийн радиус нарнаас хамгийн ойр од хүртэлх зайнаас 100 дахин бага ойролцоогоор 1015м хүрсэн.
Тэсрэлт үүссэн эгшнээс хойш 1 секундээс 5 минут хүртэлх хугацаанд хоёр протон, хоёр нейтроноос тогтох гелийн цөм бий болсон.
5 минутаас 1000000 жил хүртэл дараагийн тэлэлт явагдсан. Энэ үеийн төгсгөлд цацаргалтын нягт нь ойролцоогоор бодисын нягттай тэнцүү болж, 10-19кг/м3 утгатай болсон. Ертөнцийн радиус 1024м эрэмбийн утганд хүрч одоогийн хэмжээнээс ойролцоогоор 100 дахин бага болж, харин температур нь 3000К-д хүрсэн. Температурын энэ утганд атомын цөмийн ойролцоо электроныг тогтоон барих болж устөрөгч, гелийн атомууд үүсэх процесс явагдсан. Ертөнц цааш тэлж өөрийгөө хүчтэй хөргөн, устөрөгч болон гелийгээс од, мананцар, галактик үүсэж эхэлсэн.
Их тэсрэлтээс хойш 15 сая жилийн дараа ертөнцийн радиус нь 1026м, бодисын нягт нь 6.10-27кг/м3 хүрч, 1м3-д дунджаар дөрвөн устөрөгчийн атом агуулагдаж, галактик хоорондын цахилгаан соронзон цацаргалтын температурд 3К харгалзсан.
Устөрөгч ба гелий үүссэнээр 3К температуртай радио цацаргалтыг үүсгэн галактик тэлж байгааг Их тэсрэлтийн онолоор тайлбарласан боловч гелийгээс химийн элемент хэрхэн үүссэнийг тайлбарлаж чадаагүй. Илүү хүнд элементүүд нь ертөнцийн хөгжлийн дараагийн шатанд бий болсон бөгөөд тэдгээрийн үүсгэгч нь улайссан цоо шинэ одод юм.
Гравитацийн хүчний шахалтаар хийн температур шууд нэмэгдсэний дүнд одон дээр устөрөгч, гелий конденсацлагдан устөрөгчөөс гелий үүсэх халуун цөмийн синтезийн процесс эхэлдэг. Нар шиг тийм одны устөрөгчийн нөөц нь ойролцоогоор 10сая жил тасралтгүй гэрэлтэхэд хүрэлцэнэ.
Хэрэв од нарнаас 10 дахин их масстай бол илүү тод гэрэлтэх бөгөөд устөрөгчийн нөөцөө ойролцоогоор 1000 дахин хурдан шатааж 10сая жил гэрэлтэнэ. Устөрөгчийн нөөц дуусахад тийм одны гүн дэх халуун цөмийн урвал зогсож, даралт температур бууран од агшиж эхэлдэг.
Одны шахагдалт хэдэн арван мянган жил үргэлжлэх бөгөөд энэ үед одны төв дэх нягт 6.103кг/м3-аас 106кг/м3 хүртэл өсөж, температур нь 40000 кельвинээс 190000 кельвин хүрдэг. Температурын ийм өндөр утганд гелийн цөмөөс устөрөгч, нүүрстөрөгчийн цөмийн синтезийн урвал эхэлдэг. Одны төв хэсэгт температур нэмэгдэх нь шаталтанд хүргэнэ. Энэ үед гадаад бүрхүүл нь тэлж одны радиус 300сая километрт хүрэх бөгөөд дэлхийн орбитын радиусаас хоёр дахин их болно.
Гелийн нөөцийг сая жил зарцуулсны дараагаар шахалтын шинэ цикл явагдаж 2.108кг/м3 нягт, 740 сая Кельвин температурт нүүрстөрөгчийн цөмөөс  неон, магний, натрийн цөм үүсэх синтезийн урвал эхэлдэг. Нүүрстөрөгч ойролцоогоор 12000 жилд шахагдаж, ойролцоогоор 12 жилийн дараа 1.6сая Кельвин температурт неон, тэгээд хүчилтөрөгч (2.1сая К, 4 жил), хүхэр, цахиур (3.4сая К, 1 долоо хоног) үүснэ.
Хүхэр болон цахиурын цөмөөс синтезээр төмрийн цөм үүсдэг. Төмрийн цөм нь энерги ялгаруулан синтез нь явагддаг хамгийн хүнд цөм юм. Түүнээс илүү хүнд цөмд синтез явуулахын тулд энерги шаардагддаг. Иймд синтезийн урвал цаашид явагдахгүй бөгөөд одны төмөр голд энерги ялгарах нь зогсдог. Одны төмөр голын масс нь хоногт ойролцоогоор нарны массаас 1.5 дахин их утганд хүрдэг. Энэ эгшнээс одны төмөр гол дотор энергийн үүсгүүр байхгүй болж асар их гадаад даралтыг тогтоож чадахгүй болж маш хурдан агшиж эхэлнэ. Секундын бага хувьд одны төвийн хэсэг ойролцоогоор дэлхийн радиустай ижил болж улмаар 100км орчим болно. Электрон протон руу “чихэгдэж” тэдгээр нь нейтронд хувирахаар тийм их утганд даралт хүрч, 100км  бөмбөлөг нь нейтронон од болно. Нарнаас их масстай бодис секундын нэг хувьд унахдаа бодисыг маш хүчтэй шахаж түүний нягт нь ердын атомын цөмөөс ойролцоогоор 1.5 дахин нэмэгдэнэ. Шахалтын дараагаар цөмийн  шахагдсан бөмбөлгөөс долгион цацарч эхэлдэг. Тархаж байгаа долгион нь одны төв рүү үргэлжлэн унаж байгаа бодистой тааралдахад температур нь ойролцоогоор 10сая К хүртэл нэмэгдэж улайссан цоо шинэ од гэж нэрлэгдэх асар их хэмжээний тэсрэлт явагддаг.
Улайссан цоо шинэ од үүсэх үед 3.1046Ж энерги ялгарна. 10 секундын хугацаанд нарны 10 сая жилд цацаргаснаас 100 дахин их хэмжээтэй энергийг сулладаг. Энэ энергийн 99%-аас илүү нь бөөмийг нейтринод хувиргадаг. Гэрлийн цацрагийн нэг хувьд ойролцоогоор тэсрэлтийн нийт энергийн зуун саяны гурван хувь нь шилждэг. Гэхдээ цоо шинэ одны гэрлийн цацрагийн энергийн ийм бага хэсэг нь нарны хамгийн их гэрэлтэлтээс 100 сая дахин их юм.
Ирээдүйн цоо шинэ одны гүн дэх температур нь түүний төвөөс холдоход хэмжээгээрээ багасдаг. Иймд нэгэн эгшинд янз бүрийн гүнд ялгаатай цөмийн синтезийн урвал явагдаж янз бүрийн химийн элементээс тогтсон давхарга бий болдог.
Цоо шинэ одны дээд үед нартай ижил масстай бодис дэлбэрэхэд одод хоорондын огторгуйд секундэд сая километрийн хурдтайгаар цацагддаг. Дэлбэрэлтийн процессд цөмийн урвал үргэлжилсээр байх ба төмрөөс бусад үлдсэн химийн элементийн цөм бий болдог. Ийм тохиолдолд гаригийг бүрдүүлэх бодис үүсэн, улмаар гариг дээр амьдрал, хувьсал, төрөлтийн процесс эхэлдэг.
Цоо шинэ од улайсах нь ховор үзэгдэл юм. Олон зуун сая од агуулсан галактикд цоо шинэ одны улайсалт нь хэдэн зуун жилд нэг л байдаг. Гэхдээ манай галактик үүссэн 10сая жилд орчлон ертөнцөд хэдэн сая цоо шинэ одны улайсалт явагдсан.

Ш.Жаргалсүрэн
 

Monday, May 11, 2015

ТӨВ УХААН

ТӨВ УХААН
Тийм ч биш, үгүй ч биш.  Сэтгэн бодох энэ хэлбэр бол төв ухааны язгуур мөн чанар.  Энэ л мөн чанараараа тэр хоёр утгат бус олон утгат ухаан (логик) –ийн эх язгуур; шинжлэх  ухаан;  амьдралын ухаан; ертөнцийн хуулийн дор чинхүү мэдлэгийг эрхэмлэн аж төрөх дорнын ухаарал, соёлын  үнэт зүйл болдог.  Ийм л увдист чанараараа тэр  зөв чиг, зүгийг гаргана, зөв замыг заана.  Төв ухаан ингэж л зөв ухаан болно.


Төв ухаан олон утгат логикийн язгуур


 Барууны гэх соёл, иргэншилд  “тийм эсвэл үгүй” гэсэн ухаан түгээмэл хэрэглэгдэнэ.  Энэ ухаанаар гуравдахь зам, гуравдахь хувилбар гэж үгүй.  Хэлбэрдэн сэтгэх ухаан (формаль логик) -д үүнийг “гуравдахийг үгүйсгэх” хууль ч гэж хэлэх нь бий.   Энэ ухаанаар  хорвоо ертөнцийн  аливаа юм, үзэгдэл  хоёр төлөвт, хоёр туйлд багтаж оршино. Сайн, муу; сайхан муухай; үнэн, худал, бодит; хуурмаг;  хайртай, хайргүй; бороо орно, орохгүй ...” гэх мэтчилэн хялбарчлан, хэлбэрдэн сэтгэж  шар өдөр, бор хоногийг алдаж, оносоор өнгөрөх нь их түгээмэл байдаг, энэ ухаанаар бол. 


Гэвч дорныхон  хорвоо, ертөнцийн юмс, үзэгдлийг ингэж хоёрхон төлвөөр хялбарчлан, хэлбэрдэн авч үздэггүй, харин  гуравдахийг үгүйсгэдэггүй ”тийм ч биш, үгүй биш” ухаанаар харахыг илүүд эрхэмлэнэ.  Юмс, үзэгдэл  туйлчлагдсан хоёрхон төлөвт биш харин бүхэлжсэн хамааралт нэгдэлд оршино,танигдана.  Юмсын оршихуй, үзэгдлийн явагдахуй нь эерэг сөрөг олон хүчин зүйлийн  зохицол, нэгдэл, тэнцвэр.  Сайнд муу бий, мууд сайн бий;  Cайханд муухай бий, муухайд сайхан бас бий;  Үнэнд худлын шинж бий, худалд үнэний шинж бий; Бодит гэх зүйлд хуурмаг шинж бий; хуурмаг гэх зүйлд бодит шинж бий; “хайртай ч биш, бас хайргүй ч биш” байж болно; эрд эмийн шинж бий; эмд эрийн шинж бий; бороо орж ч болно, орохгүй байж болно; … гэх мэтээр хялбарчлах ч бус, хэлбэрдэх ч бүр биш харин ертөнцийн хууль, чинхүү мэдлэгийг эрхэмлэн  үзэж аливааг бодиттойгоор харж, түүнийг олон хүчин зүйлийн олон хамаарал дор авч үзэхэд  гуравдахийг үгүйсгэдэггүй ухаан-төв ухааны мөн чанар оршино.  Төв ухаанаар харвал  гуравдахь хувилбар “тийм  ч биш, үгүй ч биш” гэсэн томьёололтойгоор л цаг ямагт оршиж байна.


“Гуравдахь хувилбар” ямагт оршино, бас  энэ оршихуйд дөхөх гэсэн утгаар завсрын олон хувилбар ч оршино, тэр нь тухайн зохицлоос хамаарч явагдах тодорхой магадлалтай байна. “Юмс, үзэгдэл нь тодорхой магадлалтайгаар явагдана, мөн оршино” гэж үзэн, үүнийгээ хууль мэт болгон сэтгэх ухааныг олон утгат логик, цаашилбал, фази логик  гэж ярих нь ч бий.  “Тийм ч биш, үгүй ч биш” гэсэн хэлбэртэйгээр гуравдахь хувилбар оршиж байгаа нь олон хувилбар оршихуйн язгуур үндэс болж байна, энд.  Ингэж л төв ухаан олон янзаар сэтгэж бодохын язгуур шалтгаан болдог юм.


Төв ухаан шинжлэх ухаан


Юмс, үзэгдлийн мөн чанарыг хүний оюуны хүчээр таньж ухаарч мэдэх, нээж илрүүлэхэд чиглэсэн аливаа эрэн хайлт, шинжлэх үйл нь судалгаа, шинжилгээний ажил, томруулж хэлбэл, шинжлэх ухаан юм.   Шинжлэн судлах үйл нь хэдийгээр тархины үйл явц гэлээ ч, тэр үйл явц талаасаа ч, үр дүнгийн талаасаа ч тухайн хүний сэтгэх, бодох хэлбэрээс ангид байх ёстой. Үүнд л “ шинжлэх ухаанч”  гэдэг үгийн мөн чанар нуугдана.


Юмс үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухаанч байдлаар таньж мэдэхийн тулд судлаач эерэг, сөрөг олон хүчин зүйл (хувьсагч)-ийг нэгтгэн үзэж, түүний бүхэлжсэн хамаарлыг олохыг хичээдэг. Энэхүү зорилгын дор  судлаач оршиж буй олоон  аргуудыг нягт нямбай хэрэглэхийг хичээнэ, бас шинэ аргын бүтээхийг зорьдог.  Загварчлал бол ийм аргуудын түгээмэл нэг хэлбэр юм.


Загварчлах аргын мөн чанар нь тухайн үзэгдэл, юмсыг таньж мэдэхийн тулд загвар хийж судлахад оршино. Ийм загварыг хийхийн тулд судлаач боломжит олон хүчин зүйл, өгөгдлийг нэгтгэн үзэх,   тэдгээрийн нэгдэлт хамаарлыг олох,   олон хувилбарт таамаглал дэвшүүлэх, түүнийгээ няцаах, нотлох,  эцэст  нь нэгэн загвар (гуравдахь хувилбар)-ийг дэвшүүлж, тухайн үзэгдэл, юмсыг мөн чанарыг тайлбарлахын хичээнэ.   Тэрхүү загвар нь эцэстээ  “тийм ч биш, үгүй ч биш” ухааныг дахин батлан  харуулсан байдаг нь их түгээмэл.  Энэ ч нь жам мэт. Төв ухаан ингэж л шинжлэх ухаан болдог юм.


Төв ухаан амьдрах ухаан


Аль ч өнцгөөр харахад “амьдрах гэдэг зохицох, орших; орших зохицох” гэсэн утга.   Оршиж буй бүхэн зохистой, зохистой бүхэн оршдог ч гэдэг.  Зохицох гэдэг нь ертөнцийн хууль, жам ёсонд захирагдана гэсэн үг.  Ингэж зохицож чадсан нь орших л дээ.  Оршиж буй учраас дэвшиж, хөгжих л дээ.


Зохицож оршиж, оршиж амьдрахад  “тийм ч биш, үгүй ч биш” ухаан  ухамсартай, ухамсаргүйгээр өдрөөс өдөрт, цагаас цагт хэрэглэгдсээр.  Байгалийн  жам ёсонд ойрхон нүүдэлчин ахуй соёлд тэр бүр ч их хэрэглэгдсээр иржээ.  


“Төв хүн” гэдэг энэ монгол хэллэгт төв ухаан шингээстэй.  Улааныг харж урвадаггүй, хөхийг харж хөрвөдөггүй зантай, зөнтэй, үйлтэй, үгтэй хүний мөн чанар, дүрийг энэ хэллэгээр илэрхийлжээ.  Төв ухаан энд ингэж л хүнийг таних, түүнийг шинжих  арга болж  байна.


 “Хань минь” гэсэн хэллэгт мөн л төв ухаан шингээстэй.    “Хайртай,  хайртай, хайртай” гэж уйдтал хэлсээр, эцэстээ эр эмийн сул, давуу талыг өргөж “би, чи” гэж тэмцэлдсээр, үзэн ядалтаар салж төгсдөг буруу хосын замыг бус  харин “эр нь ч биш, эм нь ч биш”; “хамтдаа”; биеэ биеэдээ дэм тус, хань, нөхөр болж урагшилна“  гэсэн гүн ухааныг энэ хэллэгт харуулжээ.  Төв ухаан энд ингэж л хослон амьдрах ухаан болж байна.


“Айл хүний амь нэг” гэсэн энэ хэллэгт бас төв ухаан шингээстэй.  “Тийм эсвэл үгүй” гэдэг шиг “Би эсвэл  чи” гэж тэмцэлдэх биш,  “Би ч биш, чи биш”; “бид” гэсэн үзлээр зэрэгцэн оршиж, энх тунхад хүрэх эрхэм ухааныг энэ хэллэгт илэрхийлжээ.  Төв ухаан энд  ингэж л хамтран аж төрөх , нийгэмжих, дэлхийжих соёл болж байна.


“Ухаангүй ноёнд урагшгүй зарц” гэсэн хэллэгт мөн л төв ухаан шингээстэй. “Дарга аа, даргаа аа, дарга аа” гэж даливганан дагаж гүйгчдээр өөрийгөө тойруулчихгүй байхыг, мөн “манай, танай; улаан, цэнхэр, ногоон” гэж  хэт туйлчлалгүй, туйлшралгүйгээр төрийн албыг авч явахын чухлыг, энгийнчилвэл Төрийн албанд төв байгэдгийг энэ хэллэгээр сануулж. Төв ухаан ингэж төр улсыг авч явах ёс зүй, ёс суртахуун болж байна.


Төв ухаан  хүний  ч, бүлийн  ч,  төрийн ч,  улсын ч орших, зохицох  эрхэм нэгэн арга, ёс зүй, ёс суртахуун, соёл  болсоор  л. Төв ухаан ингэж л амьдрах ухаан болдог юм.


Төв ухаан зөв ухаан


Төв ухаан гуравдахийг үгүйсгэдэггүй. Тийм учраас туйлчлалгүй, туйлшралгүй  ёс зүй, ёс суртахуун болж, амьдралын зөв хөтөч болж чаддаг.  Тэр  бас шинжлэх ухаан ч хандлага, олон соёл зэрэгцэн оршихын язгуур шалтгаан болж чадна.  Хамгийн цэнэтэй нь, тэр ертөнцийн хууль дор чинхүү мэдлэгийг эрхэмлэн амьдрах эх  урлаг, их хэл болж чаднаа. Ийм учраас төв ухаан л зөв ухаан байдаг юм.



Ц.Лувсандорж


2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр